Зам, тээврийн салбар иргэдэд нээлттэй, шилэн яам болох ажлын хүрээнд салбарын нээлттэй өгөгдлүүдийн платформ 2.0 хувилбарыг хөгжүүлж, “eRTHub.mn” портал сайтаар дамжуулан иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх 33 системыг интеграцлаж байсан цаг саяхан. Тэгвэл энэхүү платформоор дамжуулан энэ онд 45 мянга гаруй хүн хандаж, мэдээ мэдээлэл авсан гэсэн статистик гарчээ. Энэ талаараа “Зам, тээврийн салбарын их өгөгдөл буюу шинэ технологи, инновац” сэдэвт хурлын үеэр дэлгэрэнгүй танилцууллаа.
Мэдээллийн үеэр ЗТЯ-ны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Гэрэлням хэлэхдээ “Зам, тээврийн салбар 94 үйлчилгээгээ цахимжуулснаар зорчилт хөдөлгөөнийг ойролцоогоор 70 мянган км-ээр бууруулж, ихээхэн цаг хугацаа, зардал хэмнээд байгаа тооцоо гарсан. Энэ нь нийслэлийн түгжрэлийн асуудлуудыг шийдэхэд үр нөлөө үзүүлэхээс гадна тээврийн хэрэгслээс агаарын бохирдолд үзүүлэх хувь хэмжээ ч буурч байна.
2024 онд Google map системд Монгол Улсын болон олон улс, орон нутгийн чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжууд, түүхэн дурсгалт газрууд, төлбөр авах цэг, амрах цэгийн 360 мэдээллийг панорама зураг хэлбэрээр орууллаа. Энэ нь жолооч, зорчигч, аялагчдад Монгол Улсын авто замын сүлжээний дагуух үнэн бодит мэдээлэл олгохоос гадна, дэлхий нийтэд Google map системээр дамжуулан эх орноо таниулах чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Мөн Зам, тээврийн яам болон харьяа байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлт 100 хувь цаасгүй цахим хэлбэрт шилжиж, бичиг хэргийн зардал, шуудангийн зардал, иргэд байгууллагын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг хялбаршуулан, зорчилт хөдөлгөөн, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй эдийн засгийн ихээхэн үр ашигтай юм.
Түүнчлэн байгальд ээлтэй шинэ техник технологийг нэвтрүүлэх асуудал манай салбарын тэргүүлэх чиглэлд байнга тусгагддаг тул сүүлийн үед дэлхий нийтээр өргөнөөр хэрэглээнд орж буй цахилгаан тээврийн асуудал, устөрөгчийг тээврийн салбарт хэрэглэх зэрэг нь зам, тээврийн салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм.
0 cэтгэгдэлтэй