Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-аас санаачлан ургамал хамгааллын бодис импортлогч болон бордоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тариаланчдад бараа бүтээгдэхүүний илүү өргөн сонголтыг бий болгох, үнийг бууруулах, илүү чанартай бүтээгдэхүүнийг хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор уг уулзалтыг зохион байгуулжээ.
2024 онд ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэгийн хүрээнд хөдөө аж ахуйн корпорацийн зүгээс импортлогч аж ахуйн нэгжүүдэд хамтран ажиллах санал тавив. Тариаланчдад ургамал хамгааллын бодис, бордооны сонголтыг илүү өргөн болгох, үнийг бууруулах, илүү чанартай бүтээгдэхүүнийг хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор
импортлогч болон үйлдвэрлэгч нарт Орон нутаг дахь 7 салбар нэгжээрээ дамжуулан ургамал хамгааллын бодис, бордоогоо халаалттай болон хүйтэн агуулахад 2 сарын хугацаанд үнэгүй хадгалан, борлуулалт, сурталчилгаагаа хийх боломжийг олгож байгаа юм.
Мөн хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь агуулахдаа хадгалагдаж байгаа бодисын нөөцийг бүрэн дуусгаж, хувийн хэвшилтэй зэрэгцэн энэ чиглэлд өрсөлдөхгүйгээр хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ уламжлалт хэлбэр тендерийн зарчмаар бодисны хангамжийг бий болгодог байсан тогтолцоог халж корпорацийн нөөц боломжийг ашиглан хувийн аж ахуйн нэгжүүдийг илүү таатай нөхцлөөр, өргөн орон зайг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөх нөхцлийг бүрдүүлэн ажиллах болно гэв.
Импортлогч аж ахуйн нэгжүүд болон тариаланчдын зүгээс төрийн байгууллага маш зөв санаачлага бүхий хамтран ажиллах нөхцлийг санал болгосонд талархалтай байв. Энэ хамтран ажиллах санал ажил хэрэг болсноор ургамал хамгааллын бодис, бордооны нэр төрөл олшрох, илүү үр өгөөжтэй бодисыг импортоор оруулж ирэх боломж бүрдэх, үнэ буурах, зөв хэрэглээ, дадал бий болох зэрэг сайн үр дагавар гарна гэж аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд үзэж байлаа.
0 cэтгэгдэлтэй