Улаанбаатар 16° C

USD 3593.3

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт ой, хээрийн түймэр гарчээ

Spymen 2025-08-19

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Баавгайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг наймдугаар сарын 16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж, наймдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулан, наймдугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар  түймэрт 15 га талбай өртөж шатжээ.
Мөн Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг наймдугаар сарын 17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан наймдугаар сарын 18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 13 га талбай өртөж шатсан байна.