Улаанбаатар 5° C

USD 3381.65

Монгол Улс Ватикан улстай дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой тохиож байна

admin 2024-04-4

Монгол Улс Ватикан улстай дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Ватикан буюу Гэгээн Ширээт улстай  манай улс 1992 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосон байдаг.  Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хооронд улс төрийн харилцаа түлхүү хөгжих болсон бөгөөд Монголын талаас сайдын түвшний айлчлалууд хэд хэдэн удаа хийгдэж байв.  Харин 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тус улсад айлчилсан нь ерөнхийлөгчийн түвшний анхны айлчлал болсон билээ.

2022 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, энэ хүрээнд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг гардуулсан юм. Ингээд Гэгээн Ширээт Улсын  Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны есдүгээр сард манай улсад анх удаа төрийн айлчлал хийсэн юм.

Пап Францис айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж үг хэлэхдээ, Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивд төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна гээд дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй Монгол төрийн шийдвэрийг онцолж байв. Түүнчлэн, Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс болохыг тодотгож, зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээн ерөөсөн юм. Үүнийг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон судлаачид эв найрамдлыг дэлхийн хэмжээнд уриалсан айлчлал гэдгийг илтгэлээ хэмээн дүгнэж байв.

 

Монголын Эзэнт гүрний их хаад Ватикантай XIII зууны үеэс харилцаатай байсан түүх бий. Тодруулбал, Ватиканы Пап лам IV Иннокент Гүюг хаанд хандан Христийн шашинтнуудын нутагт халдахгүй байх, эв найрамдалтайгаар оршиж болох тухай захидал бичиж, элчээр илгээж байжээ. Их Монгол Улсын хаан Гүюг уг захидлын хариу болгон бичиж, элч Плано Карпинигаар Ромын Пап IV Иннокентэд 1246 онд илгээсэн захидал өдгөө Ватиканы нууц музейд хадгалагдаж буй. Перс хэлээрх уг захидалд Их Монгол Улсын хааны тамга хоёр удаа дарагдаж үлдсэн байна. Үүнээс хойш Ил хаант улсын хаад Ромын Паптай харилцаж байсныг нотлох баримтууд мөн Ватиканы музейд хадгалагдаж байдаг юм. Хоёр улсын дипломат харилцааны эртний түүхийг өгүүлэх энэ захидлын эх хуулбар нь одоо Монголын Үндэсний түүхийн музейд залаатай байдаг.  Уг хуулбарыг Апостолын нунци Жон Булайтис 1995 онд Монгол Улсад зочлохдоо гардуулсан юм.

Гэгээн Ширээт Улс 1992 оноос хойш Монголд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн бөгөөд нийт 20 гаруй төсөл Улаанбаатар хот, Төв, Өвөрхангай аймагт хэрэгжүүлжээ. 1999-2000 оны өвлийн зудны хохирлыг даван туулахад зориулан Пап II Иоанн Павел хувиасаа 50 мянган ам. доллар хандивлаж байв.