Улаанбаатар -20° C

USD 3416.82

Төв аймгийн хэмжээнд 145 258 толгой мал хорогджээ

admin 2024-02-27

Төв аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч  145 258 толгой мал хорогдоод байна.

Тодруулбал, Борнуур, Жаргалант, Лүн, Эрдэнэсант, Сэргэлэн, Заамар суманд цасны нягт 0.35 см-ээс дээш, төмөр буюу мөсөн зудтай байна.

Аргалант, Батсүмбэр, Баянхангай, Баяндэлгэр, Баянцогт, Баянцагаан, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Цээл, Сүмбэр, Эрдэнэ, Дэлгэрхаан, Алтанбулаг, Бүрэн, Өндөрширээт, Баян, Баянчандмань суманд цасны нягт 0.20-0.27 см байна.

Архуст, Мөнгөнморь, Зуунмод сумдад цасны нягт 0.15-0.18 см буюу цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Хоёрдугаар дугаар сарын 14, 15-ны дулаарал, түүний дараах шуурганаас үүдэн мөсөн давхарга үүссэнээр нөхцөл байдал улам хүндрээд байгаа аж.

Зудын эрсдэлийн нөхцөл байдлын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд хоёр тонн өвс, 25.4 тонн тэжээлийг сумдад хуваарилж байна. Мөн зам гаргах, даваа гүвээ нээх ажилд аймгийн хэмжээнд есөн техникийг, 24 цагийн турш ажиллуулж байна.

Аймгийн Онцгой комисс өөрийн нөөцөд байгаа ногоон тэжээл дээр нэмээд 13 мянган ногоон тэжээл худалдаж авснаас Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт сум руу хуваарилжээ.

Улсын Онцгой комиссоос 186.9 тонн хивэг хуваарилсныг эхний ээлжинд Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг суманд хуваарилсан байна.

Улсын нөөцөд байгаа будаанаас 525 тонныг аймгийг худалдаж авах чиглэл өгсний дагуу авах, сумдад хуваарилах ажлыг мөн зохион байгуулж байна.