Улаанбаатар 5° C

USD 3381.65

БАЯНХОНГОР АЙМАГ: Өвс, тэжээлийн үнийг тогтвортой барьж, хангалтыг сайжруулан ажиллана

admin 2024-02-27

Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж, зудын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй ажлын дүн мэдээллийг нягталж, үргэлжлүүлэн авах хариу арга хэмжээг төлөвлөлөө.

Зохион байгуулалтын хүрээнд, аймгийн нөөцөд өвс, тэжээлийн хангалтыг тасралтгүйгээр сэлбэж, үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боодол бүрээс 6000 төгрөгийг аймгийн Онцгой комиссоос хөнгөлж нэг боодол өвсийг 16 мянган төгрөг, нэг уут хивгийг 20 мянган төгрөгөөр тус тус малчдад олгох /нэг малчин өрхөд 10 боодол өвс, 4 шуудай хивэг/-оор шийдвэрлэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн өвс, тэжээлийн тусламжийг сумдын нөхцөл байдалд уялдуулан оновчтой хуваарилж яаралтай илгээх /сумд тээврийн зардлыг хариуцна/-ийг холбогдох албадад үүрэг болгов. Улсын онцгой комиссоос Баянхонгор аймагт 375 тонн улаан буудай, 10 мянган боодол өвс, 45 тонн гурил, 5 тонн элсэн чихэр илгээсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн санаачлан зохион байгуулж буй “Сэтгэлийн тусгал” малчдад туслах аяны хүрээнд 500 тонн улаан буудай, 20 тонн хорголжин тэжээл, 2000 боодол өвсийг аймгийн Онцгой комисст тус тус хүлээлгэн өгөөд байгаа юм.

Малчдын эрүүл мэндэд онцгойлон анхаарал хандуулж, эмч эмнэлгийн багийг шат дараатайгаар шаардлагатай газруудад үргэлжлүүлэн ажиллуулах, сумдын онцгой комиссын үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлж, ажлын үүрэг хариуцлагыг сайжруулах, нийтийн дунд малчдад туслах аяныг эрчимжүүлэх, сумдтай шифийн харилцаа бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.