Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:07 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.
Алба хаагчид шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин, тус уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраасан.
Мөн Цагдаа, Эмнэлэг, Улаанбаатар Төмөр зам, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон гал унтраахад дэмжлэг үзүүлэн ажилласан.
Түүнчлэн гал түймрийн голомтын бүсэд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж, гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгуулсан.
Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна. Харамсалтай нь ослын улмаас НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдсэн.
1 сэтгэгдэлтэй
asddd