Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд байгуулсан “Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техник хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Бутаны хаант улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ахлах ажилтан Тоучу Рабгайгаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 09 дүгээр сарын 07-16 өдрүүдэд манай улсын мал аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Энэ удаагийн туршлага судлах ажлын хүрээнд салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, Малын удмын сангийн үндэсний төв, орон нутгийн төр хувийн хэвшил, томоохон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Засгийн газраас хоёр орны хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэхээр Монгол Улсын Хангайн нурууны өндөрлөг бүс нутагт үржүүлж буй нутгийн шилмэл сарлагийн бухын гүн хөлдөөсөн 400 тун үр, хонины 300 тун үр, азарганы 300 тун үр, нийт 1000 тун үр, Монгол үүлдрийн “Банхар” нохой 10 толгойг тус тус хамтын ажиллагааг өргөжүүлэхээр дэмжлэг үзүүлэн өгсөн.
Монгол улсаас авсан сарлагийн бухын гүн хөлдөөсөн үрээс 12 тун гүн хөлдөөсөн үрийг ашиглаж 12 толгой сарлагт зохиомол хээлтүүлэг хийж үүнээс 2 тугал амжилттай бойжуулсандаа баяртай байгаагаа илэрхийлж цаашид илүү нягт хамтран ажиллахаар хүрэлцэн ирж туршлага судаллаа.
Тус улсын төлөөлөл Монгол улсын мал аж ахуйн салбарт дараах 3 чиглэлээр туршлага судлан хамтын ажиллагааг өргөжүүллээ.
- Салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид сургалт болон судалгааны ажлыг эхлүүлэх өндөрлөг бүс нутагт хонь, сарлаг, адуу үржүүлэх арга тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх генийн санг хамгаалах талаар туршлага судлав.
- Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж биотехнологийн ололт амжилтыг суралцаж сарлагийн хээлийг эхо-гоор тодорхойлох, мөн хуцнаас үр авах, үрийн чанарыг үнэлэх, шингэлсэн болон гүн хөлдөөсөн үрээр хонинд зохиомол хээлтүүлэг хийх, дурангийн аргаар хээлтүүлэг хийх зэргээр дадлага туршилт хийж холбогдох багаж хэрэгслийг солилцлоо.
- Малын гаралтай түүхий эд боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрүүд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах талаар санал солилцож туршлага судаллаа.
Туршлага судлах арга хэмжээний төгсгөлд Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамны төлөөлөл Монгол Улсын мал аж ахуйн салбарын төлөөллийг өөрийн улсад урьж мал аж ахуйн салбарын ололт амжилтыг харилцан суралцах саналыг дэвшүүллээ.
0 cэтгэгдэлтэй