Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Жавхлан нарын хамт Дархан-Уул аймагт шилжин үйл ажиллагаа явуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай (2025.09.03) танилцан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны Дархан-Уул аймагт шилжин ажиллаж байгаа нь зөв шийдвэр байсан гэдгийг онцлоод “Мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хамтад нь, цогцоор нь хөгжих ёстой” гэдгийг тэмдэглэлээ.
Тэрээр цааш нь Монгол Улсын эдийн засаг оны хагас жилийн байдлаар 5.6 хувиар өсөхөд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй байсан гэдгийг тодотгов. Мөн “Монголын хөдөө аж ахуйн салбарын өмнө 183 сая хүн амтай Евразийн зах зээл бий. Энэ зах зээлд манай бүтээгдэхүүн нэвтрэх, байрших, танигдах бүрэн боломжтой. Манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгаа тул цаашид хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэх шаардлагатай” гэв. Мөн Засгийн газар хөдөө аж ахуйн салбар болон баялаг бүтээгчдээ хамгийн түрүүнд дэмжихээ илэрхийлэв. “Хөдөө аж ахуйн салбар хамгийн их ажлын байр бий болгодог тул цаашид улам төрөлжүүлэн хөгжүүлж, эрчимжүүлэх нь Засгийн газрын зорилго байх болно” гэдгийг Ерөнхий сайд нэмж тодотголоо. ХХААХҮЯ болон харьяа агентлагууд цаашид ургамал хамгаалал, бордоо, үрийн нөөцөд онцгой анхаарч, шинэ сортуудыг нутагшуулах шаардлагатайг, мал аж ахуйн салбарт уламжлал, шинэчлэлийг хослуулан инноваци нэвтрүүлэх хэрэгтэйг, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалт, хяналт баталгаажуулалтыг сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
0 cэтгэгдэлтэй