Улаанбаатар -22° C

USD 3416.82

“ХХААХҮ-ИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

admin 2024-04-19

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурал, Засгийн газраас “Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай“, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 2020-2024 онд Зах зээлийн сүлжээг бий болгох, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, экспортыг нэмэгдүүлэх үндсэн зорилтыг чиглэл болгон ажилласан тухай дурдав.

Зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтнуудад Монгол Улсын 2024 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2024 онд дэвшүүлсэн зорилт, орон нутагт хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан нийслэл болон 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон орон нугтгийн удирдлагуудтай  2024 онд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч танилцуулав.

Тухайлбал: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсруулах хүрээнд нийт 8 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгасан.

Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2023 онд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр, арилжааны 10 банкаар дамжуулан 1929 зээлдэгчид 829.5 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Гаалийн албан татварын хөнгөлөлтөд экспортын голлох салбар болох нэхмэл, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд, хүнсний үйлдвэрлэлийн сав баглаа боодол, хаяг шошго үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд, мод боловсруулах салбарын эцсийн бүтээгдэхүүн тавилга, модон эдлэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд болох нийт 19 үйлдвэрийн чиглэлийн нийт 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх бодлогын шийдвэрийг гаргуулж, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн.

2024 оноос эхлэн 2028 он хүртэл малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж, баталгаажсан хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврийн килограмм тутамд мөнгөн урамшууллыг олгуулахаар Улсын Их Хурлаар шийдвэрлүүлсэн.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2023 оны төсөвт зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар тусгагдсан хөрөнгөөс 28.4 тэрбум төгрөгийг 5 хүртэл жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй сангаас шууд олгох, үндсэн зээлийн төлбөрөөс эхний 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөхөөр ерөнхий нөхцөлийг тогтоох тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/37 дугаар тушаалаар шийдвэрлэсэн.

Түүнчлэн “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын нэг цонхны цахим систем”-ийг (export.mofa.gov.mn) нэвтрүүлж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн баримт бичиг бүрдүүлэх, экспортын гэрчилгээ авах хугацааг бууруулж, ажлын 8 цагт багтаан олгох нөхцөлийг бүрдүүллээ. Цахим системээр үйл ажиллагааг зохион байгуулж эхэлснээр нийт мах, махан бүтээгдэхүүн экспортлогч 74 аж ахуйн нэгжийн 585 хүсэлтийг бүрэн шийдвэрлэсэн зэрэг хийж, хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцууллаа.