Улаанбаатар -28° C

USD 3417.49

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзлаа

admin 2024-01-30

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-д болсон Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал  хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцох үеэрээ ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос хотуудаар зочилж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн-тэй уулзлаа.

Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил, БНХАУ-ын ӨМӨЗО-ы талаас ӨМӨЗО-ы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга  Ай Лихуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэрэг эрхлэх хорооны гишүүн Жян Чөнхуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Тамгын гадаад хэрэг эрхлэх газрын 1 дүгээр зэргийн хянагч Жя Юунмэй, НАХЯ-ны Тусгай албаны хамгаалалт хариуцсан дарга Мөү Зэнюй, ӨМӨЗО-ы АТИХ-ын Үндэстний болон хилийн чанад дахь асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Ван Шюмин, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Лю Жыпин нарын төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар  Ноён Сүнь Шаочөний 2023 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байгааг уламжлав. Үргэлжлүүлэн, хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлснийг дурдаад 2023 оны байдлаар хоёр талын худалдаа 17.6 тэрбум ам.долларт хүрэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэй байсныг онцоллоо. Цаашид хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрс  идэвхжүүлж, худалдааны хэмжээг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх тухай тохиролцоог бодит ажил болгохын тулд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд хоёр тал сүүлийн саруудад идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-ы Ардын засгийн газартай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийллээ. Мөн Монгол Улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлагатай, тэргүүний техник, технологи бүхий БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй бид хөрөнгө оруулах, барих-ашиглах-шилжүүлэх концессын хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн, Хятад-Монгол хоёр улс бол ойрын хөршүүд, тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн төдийгүй  ӨМӨЗО нь хоёр орны  харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад  цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ӨМӨЗО иргэдийг Монгол Улсад зочлохыг урилаа.

Ташрамд дурдахад жил бүр ӨМӨЗО-ы АЗГ-ын тэтгэлгээр Монгол Улсаас бакалаврын түвшний 150 оюутан суралцдаг бөгөөд их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн БНХАУ-д инженер, архитекторболон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний оюутан сургах саналаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын үеэр илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.