Улаанбаатар -17° C

USD 3416.66

БОГД УУЛНААС ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ НЭРЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МОД БЭЛТГЭСЭЭР БАЙНА

admin 2023-12-13

Богд уулны 30га талбайгаас эв эрүүл залуу модыг хяргаж машин машинаар нь зөөж байна.  Гэсэн мэдээллийг цахим орчинд иргэн тавьсан.  Энэ мэдээллийг нягтлах үүднээс манай сайт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл нийтлэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан. Тус яамны зүгээс мэдээллийн дагуу дараах тайлбарыг өгөв.

Богд уулнаас мод бэлтгэж байгаа асуудлыг хөндсөн мэдээлэл оруулсны дагуу байгаль орчны яамнаас хариу тайлбар өгснийг хүргэе.
Монгол Улсад хортон шавжид идэгдсэн болон ургах чадваргүй болсон модыг авч ашиглавал олон арван жилийн ашиглах, хэрэглэх нөөц бий гэдэг судалгаа бий. Ойн цэвэрлэгээг хийж байх ёстой. Хортон шавжид идэгдсэн, ургах чадваргүй болсон мод Богдхан уулаар дүүрэн байна. Цэвэрлэх шаардлагатай.

Ойн цэвэрлэгээ хийсэн компаниуд эргээд мод тарьдаг. Өнгөрсөн жил Их тэнгэрийн аманд 4 га газарт хийсэн. Энэ жил Бага тэнгэрээс эхлүүлж байна. Үргэлжлүүлээд бусад амуудад ойн цэвэрлэгээг хийнэ гэж мэдэгдэв.

Харин дээрх зурагт буй хуулийн заалт дээр “ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэлнэ гэж тодорхой заажээ.
Гэвч цахим орчинд тавигдсан зургаас ажвал бэлтгэсэн мод нь түймэрт өртөөгүйн дээр өвчинд нэрвэгдсэн гэж харахад эргэлзээтэй жигд бүдүүн тойрог бүхий эрүүл гэмээр мод харагдана. Түүнчлэн гишүү, мөчир нэг ч үл харагдана.

Ямартай ч энэ мод бэлтгэлийн асуудлыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр ойн цэвэрлэгээг хийж байгаа үйл ажиллагаа гэж салбар яамны зүгээс өгсөн тайлбараар хүлээж авахад эргэлзээтэй юм. Ойн цэвэрлэгээ нэрээр халхлан эрүүл, хуурай, банз, палк бэлтгэж болохуйц модыг богд уулнаас бэлтгэж байгаа юм биш биз гэсэн хардлагыг дагуулж байна.

Тиймээс ойн цэвэрлэгээг хийсэн компаниуд богд ууланд ирэх хавраас 30 га газарт мод тарьж, нөхөн сэргээх үйл ажиллагааг хийх ёстой юм байна. Өмнөх жилд их тэнгэрийн аманд 4 га газарт хийсэн ойн цэвэрлэгээг мөн үүний адил хийжээ. Гэвч энэ жил хавар зун, намар өнгөрөхөд их тэнгэрт 4 га талбайд мод тарьж нөхөн сэргээлт хийлээ гэсэн мэдээ, мэдээлэл аль хэвлэлээр гараагүй санагдана. Салбар яамнаас ч мэдээлсэн мэдээ байхгүй. Байгаа бол тус мэдээгээ дахин сануулж нийтлэхийг хүсье.
Ямартай ч ойн цэвэрлэгээ нэрийн дор хот дотроосоо эрүүл, залуу мод бэлтгэсэн гэсэн асуулт хариу нэхсээр үлдлээ.
Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эдгээр ойн цэвэрлэгээ хийж буй байгууллагууд хариуцлагатайгаар хийж, хэвлэл мэдээллээр хэрхэн мод тарьж, талбайг нөхөн ойжуулснаа ил тод гарга гэж шаардаж байна. Энэ үйл ажиллагаа ирэх хавар хийгдэх байх гэж найдъя.