Улаанбаатар -7° C

USD 3416.66

Х.Булгантуяа: Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэр, зурагтай нь олон нийтэд зарлана

admin 2023-10-5

ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.

Тэрээр “ХНХЯ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ямар нэг ажил хийхгүй байна гэж олон нийт шүүмжилж байна. Гэмт хэргийн шинж чанартай тохиолдолд цагдаагийн байгууллага удирдаж ажилладаг. Прокурорын зөвшөөрөлгүйгээр гэмт хэргийн эрлийн явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Монгол Улс 1.2 сая орчим хүүхэдтэй. Хүүхэд хамгааллын асуудалд манай харьяаны байгууллагаас гадна БШУЯ, ЭМЯ, Цагдаагийн байгууллага, иргэд олон нийт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байна.

Жилд дунджаар мянга орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж байгаа бол 1500 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Хүүхдэд туслах 108 утсанд энэ оны эхний найманд сарын байдлаар 70 мянган дуудлага ирснээс 70 хувь нь зорилтот дуудлага байсан.

Цаашид хүчирхийллийн гэмт хэргийн хуулийн санкцыг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн бэлгийн хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдсэн нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдвол тухайн хүнийг зураг, нэртэй нь олон нийтэд зарлана. Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж олон нийтэд зарлах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Түүнчлэн шилжих хөдөлгөөний дунд хүүхдүүд бүртгэлгүй хохирч үлдэх магадлал маш өндөр байдаг. Хэдэн жилийн өмнө хойд эцгийнхээ гарт нас барсан охины асуудлыг сургуулийн багш нь мэдээд нийгмийн ажилтанд нь хэлсэн ч гэр нь нүүгээд өөр сургуульд очоод бүртгүүлчихсэн байх жишээтэй.

Иймд хүүхэд болгоныг цахим хувийн хэрэгтэй болгоё. Хүүхдийн эцэг эх нь хүүхдийн эсрэг ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхэд тухайн хүүхдийн цахим хувийн хэрэг дээр мэдээлэл үүсэж байдаг байх хэрэгтэй байна. Хүүхэд болгон өөрийн гэсэн цахим бүртгэлтэй болчихвол хаяг, сургуулийн өөрчлөлт, хөдөө орон нутаг руу хүртэл явахад хүүхдийн бүртгэл мэдээлэл явж байх боломжтой” гэлээ.