Улаанбаатар -8° C

USD 3415.79

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймаг, тариалангийн бүс нутагт ажиллалаа

admin 2023-09-17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа.
Тус компани нь 2004, 2016, 2020 оны “Улсын тэргүүний тариаланч” хамт олон. Жилд 2500-3000 га-д тариа тариалж, 2500-4500 тн ургац хураан авч зах зээлд нийлүүлдэг. 2023 онд нийт 3000 га талбайд үр тариа, тосны ургамал, тэжээлийн ургамал тариалсан байна.

Тус компани үрийн чанарт онцгой анхаарч, сайн чанарын бордоо хэрэглэх болсноос га-гаас авах ургацын хэмжээ нэмэгджээ. Харин энэ жил бороо хур элбэгтэй байснаас тариа өвчлөх тохиолдол гарч байна. Ирэх өдрүүдэд хур бороо багатай байвал га-гаас авах ургацын хэмжээ илүү нэмэгдэх боломжтой гэж “Атар трейд” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Чимиддорж танилцууллаа.

Ерөнхий сайдтай Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөлтэй мөн уулзлаа. Засгийн газраас олгосон гурван хувийн хүүтэй зээл энэ жил цаг хугацаандаа очсон нь тариаланчдад маш чухал дэмжлэг болсон. Тариалангийн талбайд мал орж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх, тариаланчид малчдын хоорондын маргаанд цэг тавьж өгөх зохицуулалт хэрэгтэй байгааг тариаланчид Ерөнхий сайдад уламжлав.

Энэ асуудлыг бүх талын оролцоог ханган шийдвэрлэхийг холбогдох албаныханд Ерөнхий сайд үүрэг болголоо. Засгийн газар орон нутгийг бүсчилж хөгжүүлэх бодлого баримталж, энэ хүрээнд тухайлбал, газар тариалангийн бүс нутаг Дархан Сэлэнгийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх ёстой. Монгол Улс зөвхөн уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбартаа түшиглэн хөгжих бүрэн боломжтой. Эдгээрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уялдуулж цогцоор нь хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна.