Улаанбаатар -6° C

USD 3592.51

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАА

Spymen 6 цагийн өмнө

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Боловсролын ерөнхий хуульд “Цахим сургалт” гэдгийг цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлон, боловсрол сургалтын хэлбэр нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон байж болохоор тусгасан. Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарна гэж, Боловсролын цахим сургалтын байгууллагыг энэ хуульд заасан шаардлагын дагуу байгуулж болно гэж тус тус тусгаж цахим сургалтын эрх зүйн орчин бүрдсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан боловсрол дахь тэгш бус байдлыг арилгах, орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцагч бүр чанартай боловсрол эзэмших, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд Монгол эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлдэг иргэн болж төлөвших, эх орондоо үргэлжлүүлэн суралцах тэгш боломжийг хангах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилүүдэд хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн “Төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын цахим сургууль” байгуулах шийдвэрийг гаргалаа.
Боловсролын яамнаас 2019 оноос ЕБС-ийн суралцагч орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах, цахим контентын нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий MEDLE сургалтын нэгдсэн платформыг боловсруулж, нэвтрүүлсэн. Тус платформд тулгуурлан багш бүрийг цахим агуулга боловсруулах боломжоор хангаж, нийлүүлсэн контентын үр дүнгээр нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар MEDLE контентын санд ээлжит хичээл, сурах бичиг, теле хичээл, интерактив контент, виртуал лаборатори, цахим ур чадвар олгох хичээл зэрэг ангиллаар нийт 20,000 гаруй контент байршаад байна.
Бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөдөөгийн сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд үүсдэг бэрхшээлийг арилгах, тэдэнд сонгон судлах хичээлээ судлах тэгш боломж олгох зорилгоор цахим сургуулийн үйл ажиллагааг 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд MEDLE сургалтын нэгдсэн платформд тулгуурлан эхлүүлсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 17,453 суралцагч цахим сургуульд суралцсан байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар 640 хүүхдийн суудалтай ахлах сургуульд шилжүүлэн тооцоход 27 сургуулийн үүргийг гүйцэтгэжээ.