Улаанбаатар -21° C

USD 3427.88

Т.ДОРЖХАНДЫН 7 ХҮН 13,94 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАНСАГЛАНА

Spymen Өчигдөр

Хэдийгээр байнгын хороон дээр хэл ам дагуулж байсан ч Т.Доржханд “Эрчим хүчний реформ”-ын үндэсний хорооны ажлын албаны 7 хүндээ 13.947.000.00 тэрбум төгрөгийн төсөв тавиулж чаджээ.

Сануулвал байнгын хороон дээр Т.Доржханд Эрчим хүчний үндэсний хорооны ажлыг үнэн, зөв сурталчилсан хэвлэлтэй хамтарч ажиллана хэмээн уг төсвөө тайлбарласан.  Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нь эрчим хүчний реформыг олон нийтэд ойлгуулахад ийм их хэмжээний хөрөнгө хэрэггүй, улсын төсвийг ингэж үргүй зарцуулах шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлэн тус хорооноос гарч байгаагаа мэдэгдсэн.

“Эрчим хүчний реформ”-ын үндэсний хорооны ажлын албаны 7 хүний цалингийн зардалд 600 сая төгрөгийг төсөвлөжээ.

Үүнээс харахад эдгээр 7 хүний сарын цалин 7,142,000 төгрөг байх юм.

Нэг хүн нь дарга гэж арай илүү цалин авна гэж үзвэл үлдсэн 6 хүний цалин 6 сая гаран төгрөг гэж бодож болох юм. Эдний цалин хангамж үүгээр хязгаарлагдахгүйг хүснэгтээс харж болно. Өөрөөр хэлбэл үндсэн цалин дээр гадаад дотоод томилолт, бензин тосны зардал, зогсоолын төлбөр хүртэл нэмэлтээр төсөвлөгдсөн.

Тодруулбал: Томилолтын зардалд 1.3 тэрбум төгрөг зарцуулна. Энэ юу гэсэн үг вэ?

Задаргааг харахад гадаад томилолт, сургалтанд 800 сая төгрөг, дотоод  томилолтонд 500 сая төгрөг төсөвлөсөн. Энэ 70 хүний томилолтын зардал биш. 7 хүний л томилолт шүү дээ. Ингэхээр энэ 7 хүнд жилийн хугацаанд оффисд сууж ажиллах хоног гарах болов уу. Байнга л гадаадад, эсвэл аль нэг аймаг суманд ажиллаж таарах бус уу. Тийм байтал тэдний зөвхөн зогсоолын төлбөрт 5 сая төгрөг гаргаж өгсөн байгаа.

 

Зөвхөн 7 хүний 1 жилийн цалин, томилолт гэхэд л 1.9 тэрбум төгрөг.

Цааш нь задлаад үзье. Хангамж, бараа материалын зардал 377 сая төгрөг. Хангамж гэдэг дотор юу юу орж байгааг чөтгөр л мэдэх байх. Багаж техник хэрэгсэл 100 сая төгрөг. Тэгэхээр багаж техник хэрэгсэл нь хангамжиндаа орохгүй тусдаа төсөвтэй байх нь.

Бага үнэтэй, түргэн элэгдэх ахуйн эд зүйлс 50 сая төгрөг. Бодвол бага үнэтэй түргэн элэгдэх гэхээр 00 цаас, амны цаас, кофе, цай орно биз. Эдгээр нь тэдний хувьд жижиг зардлууд бололтой.

Учир юунд гэвэл тэд бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамжинд 11 тэрбум 435 сая төгрөгийг төсөвлөсөн.

 

Үүн дотроос хамгийн анхаарал татаж буй хэсэг бол Мэдээлэл, сурталчилгааны зардал 10 тэрбум төгрөг. Танилцуулга, брошур хэвлүүлэх 350 сая төгрөг,

Хуулийн гэрээний төлбөр 500 сая төгрөг гэж тусгасан.

Үүний үр дүнд бид сошиал орчин, тв, сайтуудаар жилийн турш Т.Доржханд  сайн ажилласан. “Эрчим хүчний реформ”-ын үндэсний хороо ийм ийм ажил хийлээ. Тэд тун сайн ажиллаж байна гэх тархи угаалтыг харах нь ойлгомжтой боллоо. Харин асуудал үүсвэл 500 саяаар хуульч өмгөөлөгч хөлсөлж өөрсдийгөө хуулийн гаргалгаатай өмөөрүүлж, хамгаалуулна. Хэвлэлийн хурал зарлуулж тэрийг нь сайтууд битүү шууд дамжуулна гэсэн үг. Тэр шууд дамжуулж байгаа Т.Доржханд сайхан гэсэн хэвлэлүүд, түүний эсрэг дуугараагүй хэвлэлүүд бол 10 тэрбумыг хувааж авсан гэсэн үг.