Бороо их орж буй нь үерийн гамшиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар гэдэсний халдварт өвчин гарах хүчин зүйлийн нэг болж байна. Түүнээс гадна ард иргэд хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний сонголтыг буруу хийснээс болж хадгалалтыг горим алдагддаг. Хөдөө амрахдаа, зун олон хоног зусланд гарахдаа хүнсээ зөв сонгох нь хамгийн чухал алхам. Ундны усны чанар аюулгүй байдал алдагдсанаас гэдэсний халдвар их бүртгэгддэг. Ялангуяа бохирлогдсон ундны ус хэрэглэсэнтэй холбоотой өвчлөл үүсдэг. Амралт, зугаалгаар явахдаа гол мөрний усыг түүхийгээр нь шууд хэрэглэж болохгүй. Усыг зайлшгүй буцалгаж хэрэглэхийг зөвлөе. Цэвэр, аюулгүй усыг хүнсэндээ хэрэглээрэй.
Зарим иргэд үр хүүхдийнхээ гарыг битгий хэл өөрсдийнхөө гарыг ч угаахгүй байна. Улмаар ариун цэврийн дэглэм алдагддаг. Түүнчлэн түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, нэг хутгаар хэрчээд хэрэглэдэг. Магадгүй түүхий бүтээгдэхүүнээ эхлээд хэрчсэн бол дараа нь тухайн хутга, махны модыг зайлшгүй угаахыг зөвлөе. Учир нь түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол асар өндөр байдаг. Хэрэв түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, хэрчиж хэрэглэвэл түүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах магадлалтай. Энэ хоёр бүтээгдэхүүнийг салгаж хадгалах дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.
Гэдэсний халдвар бохир гараар дамждаг. Мөн бохирсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Хүүхэд гэдэсний халдвараар өвдөж байна гэдэг бол тухайн хүнсийг хүүхдийн аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчидтай шууд холбоотой. Гар хэзээ бохирдоно тэр тохиолдол болгондоо угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол зарчим. Ингэснээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.
0 cэтгэгдэлтэй