Улаанбаатар 23° C

USD 3380.79

Г.Дамдинням: Хамгийн шилдгүүд багш болох тогтолцоонд шилжинэ

admin 2023-07-3

-Хаврын чуулганаар хэлэлцэж байгаа гол гол хуулийн төслүүдийн нэг бол Боловсролын багц хууль. Энэ хуульд тусгагдаж байгаа гол гол өөрчлөлт юу байна вэ?

-Үндсэндээ хоёр жил гаруй хугацаанд хуулийн төслийг боловсруулж бэлтгэж байгаад энэ хаврын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ажлын хэсэг тус хууль дээр ажиллаж нийт долоон багц хууль байсныг дөрвөн багц хууль болгож, эхний хоёр хууль нь эцсийн хэлэлцүүлэгтээ ороод явж байна. Сүүлийн хоёр хуулийн анхдугаар хэлэлцүүлэг нь дуусч, хоёрдугаар хэлэлцүүлэгтээ орж байна. Боловсролын ерөнхий хуулиар монголын боловсролын реформыг хийх зорилго тээж байна. Нэгдүгээрт, хөтөлбөрийн шинэчлэлт хийнэ. Өөрөөр хэлбэл, бид дэлхийд өрсөлдөх чадвартай Могол хүнийг бүтээх зорилготой байна. Хөтөлбөрийг тогтвортой байлгах чиглэлд хууль зүйн зохицуулалт хийж өгч байна. Хоёрдугаарт, ямар ч шинэчлэл санхүүгийн баталгаатай байх ёстой. Зөв санхүүгийн механизмтай байх ёстой. Тиймээс боловсролын санхүүгийн тогтолцоо шинэчлэгдэж үр дүнд суурилсан санхүүгийн систем орж ирж байна гэсэн үг. Гуравдугаарт, боловсролыг олон улстай харьцуулж үнэлнэ. Монголын боловсролыг гурван жил тутам шат шатандаа олон улсын үнэлгээнд орох зохицуулалт оруулж ирсэн. Өнөөдөр монголын боловсролыг сайн, муу гэдгийг хэнтэй харьцуулж тооцож байгаа нь тодорхойгүй байна.

Тиймээс олон улсын үнэлгээний байгууллагуудаар гурван жил тутам үнэлүүлдэг систем оруулж ирснээр хаана дутуу хийж байна, хаана сайн хийж байна, хаана юу хийх шаардлагатай байгаагаа тодорхой хардаг болно гэсэн үг. Дөрөвдүгээрт, менежментийн өөрчлөлт оруулж ирж байна. Тавдугаарт, англи хэлтэй холбоотой зохицуулалтууд орж ирж байна.

-Боловсролын чанар, хүртээмж ялгаатай байгаагаас үүдэн нийгэмд тэгш бус байдал бий болсон нь цаашлаад ажилгүйдэл, ядууралтай шууд холбогдож байна.  Боловсролыг  тэгш, хүртээмжтэй хүргэх асуудал хуульд хэрхэн тусч байна?

-Ерөөсөө л энэ асуудалд анхаарч байна. Боловсролын реформ яагаад хийж байна гэхээр Монгол Улсад тэгш бус байдал хэмжээнээсээ хэтэрчээ гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Ялангуяа ирээдүйд тэгш боломж олгоё гэж байгаа бол боловсролыг тэгш олгох, боломжийг нь тэгш болгож нээж өгөх ёстой. Нэгдүгээр ангиасаа 12 дугаар анги төгсөх хүртлээ англи хэлийг долоо хоногт таван цагаар үзэх, тавдугаар ангиасаа долоо хоногт гурван цагаар долоон жил сурсан энэ хоёр хүүхэд төгсөөд олон улсад өрсөлдөхөд хэн илүү цагаар судалсан нь тэнцэнэ шүү дээ.  Иргэд үүнийг л эсэргүүцээд байгаа юм.

Тиймээс энэ зарчим дээр тулгуурлаж тэгш боломж, тэгш боловсрол олгох бүхий л зохицуулалтыг хийсэн.

-Бүх шатанд үйл ажиллагаа явуулж байгаа өндөр төлбөртэй хувийн хэвшлийн сургуулиудад санхүүгийн боломжтой айлын хүүхдүүд ихэвчлэн сурч байна. Тэгвэл улсын сургуулиудыг хувийн сургуулиудтай дүйцэж очихуйц хэмжээнд чанартай болгохын тулд юу хийх ёстой гэж харж байна?

-Дээр дурдсан хэд хэдэн төрлийн өөрчлөлтүүд ихээхэн хэмжээний ахиц авчирна. Хоёрдугаарт, гарааны тэгш боломжийг бий болгох тал дээр өөрчлөлтүүд хийх ёстой. Боловсролын реформын хүрээнд тэгш гарааны нөхцөл, тэгш боломж гэсэн зарчмыг бариад урагшлах ёстой. Асуудлыг шийдэх амархан биш.  Нэг амьсгаагаар бүх асуудлыг шийдчихгүй. Багшийн орон тоо цөөн, хүний нөөц бэлэн бус учраас гэсэн байдлаар Боловсролын хуулийг харж болохгүй. Өнөөдрийг биш ирээдүйг харсан зохицуулалтуудыг хийж байж нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхана. Дэлхий ертөнцийн хурд өнөөдрийн нөхцөл байдалдаа таарсан өөрчлөлтүүд хийгээд явбал бидэнд гүйцэгдэхгүй. Улам л алсарна.

“ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОВСРОЛ ОЛГОХОД ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ АШИГЛАНА”

-Боловсролын чанарын асуудал эргээд хүртээмжтэй шууд холбогддог. Бүх шатны боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ямар ахиц гарах вэ?

-Тэгш хүртээмжтэй боловсрол олгох асуудалд технологийн шийдлийг ашиглах асуудлыг гаргаж ирж байна. Монгол Улс үргэлж өнөөдрийнх шигээ байхгүй. Нэг ангид сурах хүүхдийн тоог дэлхийн түвшинд хүргэх хэмжээний бүтээн байгуулалт  хэрэгтэй. Үүнд санхүүжилт хэрэгтэй. Нөгөө талдаа дэлхий хавтгай болж байгаа учраас дижитал ертөнцийн давуу талыг холбож өгч цахимаар сурах боломжийг нээж өгч байгаа. Цахимаар сурсан мэдлэгээ шалгуулаад холбогдох шаардлагуудыг хангаж байвал зэрэг, цолоо аваад явах боломжийг хуульчилж өгч байгаагаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, Монгол орны аль ч өнцөг буланд амьдарч байгаа хүүхэд, дэлхийн хаана ч ажиллаж амьдарч байгаа хүүхдүүд энэ давуу тал, боломжийг ашиглаад сурах боломжийг нээлттэй болгож өгч байгаа.

-Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар өөрсдөө чадавхжих, сургалтын арга барилаа өөрчлөх ёстой гэдэг асуудлыг хөндөж байгаа. Нөгөө талаас багш нарт өөрсдийгөө хөгжүүлэх цаг зав, боломж хомс байдаг талаар ч хэлдэг. Нийгэмд өөрчлөлт авчрах боловсон хүчнүүд өөрөө өөрсдийгөө чадавхжуулах ямар боломж байна. Хуульд энэ талаар тусгасан зүйл бий юу?

-Өмнө нь дурдахаа мартсан байна. Дээрх дурдсан таван өөрчлөлт дээр нэмээд зургадугаарх шинэчлэлт бол боловсролын салбарт ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн нийгмийн баталгааны шинэчлэлийг хийж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт хамгийн шилдгүүд орж ажиллах ёстой. Боловсролын салбарт орж ажиллаж байгаа хүний нийгмийн баталгаа нь хангагдаж, цалин хөлс нь өндөр байхаас гадна нэмэлт боломжуудыг нээлттэй олгох ёстой. Үүний үр дүнд бид боловсролын салбараа өөд татна. Тухайлбал, хөдөө орон нутаг, нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, сумуудад ажиллаж байгаа багш нарт эхний таван жил зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно. Цаашлаад тус урамшуулал гурван жил тутамдаа олгогдоод явна.

Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа багш нараас гадна сургуулийн орчинд ажиллаж байгаа ажиллагсдын нэг хүүхдийг тэргүүлэх зэргийн мэргэжлээр улсаас үнэ төлбөргүй сургана. Багшлах боловсон хүчний орон байрны асуудлыг төрөөс дэмждэг болно гэсэн тодорхой заалтууд тусгасан. Энэ бол хамгийн шилдгүүдийг багш болдог тогтолцоонд шилжин орж ирэх, эрс өөрчлөлтүүдийн эхлэл болно.

-Өнөөдрийн тухайд ачаалал ихтэй, цалин багатай багш болохыг хэн ч хүсэхгүй байгаа учраас ЭЕШ-д бага оноо авсан хүүхдүүд ихэвчлэн багш болж байна шүү дээ?

-Тэр үнэн. Тиймээс багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй болоод байна. Тиймээс хамгийн өндөр цалинтай, хамгийн өндөр нийгмийн баталгаатай байх юм бол шилдгүүд энэ салбар руу орж ирнэ. Социализмын үед хамгийн нэр хүндтэй мэргэжил багш байсан. Яг тийм нөхцөл байдалд эргүүлэн оруулах ёстой. Ингэж байж бид урагшилна. Бидний жишээ авах дуртай ерөнхий боловсролын салбарын чанараараа тэргүүлдэг Финлянд улсад хамгийн шилдгүүд л багш болдог. Хоёрдугаарт, багшлах боловсон хүчний багшлахуй, заах арга зүйн ажлаас гадна нэмэлт ачаалал өгөхийг бүрэн хориглож байгаа. Өмнө нь янз бүрийн судалгаа, тооцоо, зохион байгуулалтын ажилд багш нарыг ихээхэн дайчилдаг байсан. Тэгвэл Боловсролын багц хуульд үүнийг хатуу хориглож байгаа.

Багшлахуйтай холбоотойгоос бусад бүх ажлыг хуулиар хориглосон.

Ингэж байж багш нар өөрийгөө хөгжүүлэх боломж, орчин нөхцөл бүрдэнэ. Үүнд тодорхой хэмжээний зардалд тусгана. Санхүүжилтийн шинэ механизм гэдэгт энэ асуудал сууж өгсөн.

“МЭДЛЭГИЙГ АМЬДРАЛД ХЭРЭГЛЭЖ БОЛДОГ ТОГТОЛЦОО РУУ ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ӨГЧ БАЙГАА”

-Их, дээд сургуулиуд монголын ажиллах хүч, хүний нөөцөд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн онол, практикийн мэдлэг нь зөрөх, ажлын байран дээр гарахад шаардлага хангахгүй байгаа талаар ажил олгогчид гомдоллодог. Чанартай, чадварлаг төгсөгчид бэлдэхийн тулд хаана, юу өөрчлөх вэ?

-Их, дээд боловсролын салбарт судалгаа түлхүү оруулж багшийн хийх ажлын боломжийг нээж өгөхийг зорьж байна. Үүний тулд оюутны тооны араас хөөцөлддөг чанаргүй их, дээд сургуулийн тоог бууруулж, улсаас их, дээд сургуулиудын тодорхой зардлыг дааж, цөөн тооны оюутныг чанартай бэлтгэдэг тогтолцоонд шилжүүлэх өөрчлөлт оруулж байна. Үүний үр дүнд дээр дурдагдсан шүүмжлэлийн шийдлийг гаргана.

-Монгол Улсын их, дээд сургуулиудын чанарыг дэлхийн улс орнуудтай харьцуулбал нэлээд хойгуур жагсах байх. Тиймээс энэ жагсаалтыг урагшлуулж, монголын боловсролыг дэлхийн чанарт ойртуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ шаардлага мөн ч их байна даа?

-Хоёр төрлийн өөрчлөлт хийх шаардлагатай. Нэгдүгээрт, санхүүжилт. Тэнд хөрөнгө оруулалт хийгдсэн цагт л дээшээ ахиц дэвшил үзүүлнэ. Тийм учраас бүх төрлийн хөрөнгө оруулалтын үүд хаалгыг дээд боловсролын салбарт нээж өгсөн. Хоёрдугаарт, академик эрх чөлөө буюу судалгаа, шинжилгээний эрх чөлөөг нь дэмжсэн чиглэлд анхаарсан олон зохицуулалтуудыг хуулиудад тусгаж өгсөн.

-Монгол Улс боловсролын салбартаа жилд нийт төсвийнхөө хэдэн хувийг зарцуулж байна вэ. Тэр дундаа урсгал зардалд гэхээс илүүтэй боловсролын чанар, үзүүлэлтийг сайжруулах чиглэлд хэдэн төгрөг төсөвлөдөг юм бол?

-Монгол Улсыг дэлхийн дундажтай харьцуулахад улсын төсвийнхөө 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Тэгэхдээ энэ мөнгө том хэмжээний өөрчлөлт хийхэд хүрэлцэхгүй. Учир нь Монгол Улсын эдийн засаг жижиг учраас боловсролыг салбар руу орж байгаа мөнгө нь бага. Гаднын улс орны хувьд харагдах хувь хэмжээ нь бага боловч эдийн засаг нь том учраас тухайн салбарт орж байгаа мөнгөн дүн нь өндөр байдаг. Үүнд зармын том ялгаа бий. Ер нь бол инновац, бизнесийн, судалгааны эрх чөлөөг дэмжсэн, мэдлэгийг амьдралд хэрэглэж болдог энэ тогтолцоо руу оруулах өөрчлөлтүүдийг хуулийн хүрээнд хийж өгч байгаа. Эцэст нь нэг зүйлийг хэлье. Боловсролын багц хуулийн хүрээнд бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ боломжийнхоо хэрээр олон улсад өрсөлдөж чадахуйц боловсролын тогтолцоог бүрдүүлэх суурь зарчмын өөрчлөлтүүдийг хийж байна. Ер нь бол боловсрол ялгарлыг бий болгож байгаа. Энэ ялгарал бол системийн алдаа. Боломжтой чадалтай айлын хүүхдүүд сайн боловсрол эзэмших нь буруу биш. Хувийн сургуулиуд байх нь ч буруу биш. Хүүхдүүдээ сайн сайхан, чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсч байгаа хэнд ч буруу байхгүй. Зөвхөн системийн алдаа. Тиймээс бүх нийтэд  тэгш боломжийг нээж өгөх нь төрийн үүрэг. Энэ үүргийг гүйцэтгэхийн төлөө ажиллаж байна.