Улаанбаатар 2° C

USD 3415.07

“БЕЛАГРО” ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

admin 2024-07-1

Өнгөрөгч 6 дугаар сард Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдсан Белагро олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд Монголын өдөрлөг арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлсэн үгэндээ:  “Бид Белагро форумаар дамжуулан Беларусь улсад мөнх хөх тэнгэрийн орон болох Монголынхоо нэгээхэн хэсгийг авчирлаа. Бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Белагро үзэсгэлэнд Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн удирдлагууд оролцов. Беларус улсын хөдөө аж ахуйн инноваци, технологийг монгол улсад ашиглах, нутагшуулахаар тохиролцон хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичигт хоёр улсын засгийн газар хооронд болон ААН-үүдийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм.  Уг санамж бичгийн хүрээнд тус бүр нь 600 үнээ бүхий сүүний фермийг Беларус улсын туршлага, инноваци дээр тулгуурлан байгуулахаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд шав тавьсан билээ. Беларус улсын засгийн газрын гишүүд энэхүү төслийг амжилттай болгохын тулд бүхий талаар тусалж боловсон хүчнийг 1 жилийн хугацаанд Беларус улсад үнэ төлбөргүйгээр сурган бэлтгэж өгөх дэмжлэгийг үзүүлэхээр болов.

Монголын үзэсгэлэнгийн хэсэгт эх орондоо төдийгүй, олон улсад алдартай үндэсний үйлдвэрлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлэхийн сацуу Монголын соёлын баялаг өв болох хөөмий, уртын дуу, ардын урлагийн үзүүлбэрээс зочдод сонирхуулав.

Тус үзэсгэлэнг зорин ирсэн олон улсын зочдын анхаарлыг татсан нэг зүйл бол яахын аргагүй Монгол үндэстний хоол, тэр дундаа хорхог байсан юм. Алс холоос зорин авчирч, хүний нутагт бэлтгэн болгосон хорхгийг гадаад зочид гайхширан амталж байлаа.